02.12.2021

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

2021 оны 10 сарын 7-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.9 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. Төр нь эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг.

Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан. Ингэснээр 1990 оноос 2012 оны дунд үе гэхэд манай улсад дэлхийн 112 орны 12,118 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.доллар орчим гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний 74 хувь нь геологи, уул уурхайн салбарт байсан нь дан ганц уул уурхайн салбараас шууд хамаарал бүхий эдийн засгийн бүтцийг бий болгож, бусад салбарын тухайд өрсөлдөх чадвар сул, тэдгээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх, салбарын хөгжил саатах сөрөг үр дагавар гарчээ.

Түүнчлэн 2012 оны сүүлээс гадаадын хөрөнгө оруулалт буурч, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, дотоод дахь хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжсэн ямар нэгэн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байсан зэрэг шалтгаанаас 2013 онд Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болох хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулах өргөн хүрээтэйгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлагыг тусгасан байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад бизнес эрхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн хэлбэрийн аль нэгийг сонгох  хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухай хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хууль санаачлагч үзсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх 100 мянган ам.долларын шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй, энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна.

Монгол Улс нь хууль, эрх зүйн зохицуулалтын түвшинд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй улс боловч бусад жишиг орнуудтай харьцуулахад хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирсэн байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад хөрөнгө оруулалтад нээлттэй байх явдал нь дангаараа хангалтгүй бөгөөд хөрөнгө оруулалтын орчин болоод засаглал, хууль дээдлэх ёстой холбоотой хүндрэл бэрхшээлүүд нь хувийн хэвшлийн, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалт анхлан орж ирэхэд тулгардаг саад тотгорууд нь тухайн улсын хөрөнгө оруулалтын орчны хүндрэл бэрхшээлийг бүхэлд нь тодорхойлж байгаа бөгөөд үүнд бизнес эрхлэхээс эхлээд сайн засаглал болон зохицуулалтын чанар хүртэлх асуудлууд багтаж байгаа юм.

Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт орох урсгалаар 2020 онд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар буураад байгаа юм. Эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолт, бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний бусад үйл ажиллагаа дийлэнх хувийг бүрдүүлж байна. 2011,2012 онуудад Гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр байсан нь Оюу Толгойн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор уул, уурхайн салбарт өндөр хөрөнгө оруулалт орж ирсэн нь нөлөөлсөн. Засгийн газраас хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих Зөвлөл байгуулснаар хөрөнгө оруулагчид эрхээ хамгаалуулах, тулгамдаж байгаа асуудлаараа Засгийн газарт хандах боломж бүрдсэн байна. Мөн Төр-Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог 2017 онд байгуулан ажиллуулж байна. Уг бүтцүүд нь хөрөнгө оруулагчдын нилээдгүй олон өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно гэж үзэж байна. Монгол Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцод нэгдэн орсон. Мөн 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулсан байдаг.

Татаж авах→

Эх сурвалж:

Хөрөнгө оруулалтын тухай хууль

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаатай bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэв. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: