21.12.2020

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсад оюуны өмчийн эрхийг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар хамгаалдаг боловч тэрхүү эрхээр хамгаалагдсан бүтээлээс ашиг хүртэх боломж нь хангалтгүй буюу эдийн засгийн өгөөж нь бага байжээ. 2020 оны 1 сарын 23 –ны өдөр шинээр баталсан Оюуны Өмчийн тухай хууль нь дээрх асуудлыг зохицуулснаараа чухал ач холбогдолтой бөгөөд 2020 оны 12 сарын 1 –ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Энэхүү хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг болон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон асуудлуудыг зохицуулжээ. Эдгээрээс онцлох хэд, хэдэн зохицуулалтуудыг товчлон хүргэж байна.

Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээлд (1) зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, (2) аж үйлдвэрийн өмчийн эрх багтана.

1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүсэх бөгөөд энэхүү эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардлагагүй. Гэхдээ зохиогч нь сайн дурын үндсэн дээр өөрийн бүтээлийн мэдээллийг бүртгүүлж болно.

2. Харин аж үйлдвэрийн өмчийн эрх (шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт) –ийг хэрэгжүүлэхийн тулд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (Оюуны өмчийн байгууллага) –д эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн бүртгэлтэй холбогдсон мэдээллийг Оюуны өмчийн байгууллага тогтмол хэвлэл гаргаж, нийтэд мэдээлнэ.

Оюуны өмчийн эрхийг хамгаалах хүрээнд оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн, Оюуны Өмчийн Үндэсний Зөвлөл, Оюуны Өмчийн Байгууллага тус тус өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Эдгээрээс Оюуны өмчийн байгууллага Оюуны өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өдөр тутмын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд дэргэдээ Маргаан Шийдвэрлэх Зөвлөл болон Зохиогчийн Эрх болон Түүнд Хамаарах Эрхийн Зөвлөл ажиллуулна. Маргаан Шийдвэрлэх Зөвлөл нь аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Харин Зохиогчийн Эрх болон Түүнд Хамаарах Эрхийн Зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, тарифыг хянах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Оюуны өмчийн тухай хуулиар зохицуулсан өөр нэг чухал зохицуулалт нь оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай заалт юм. Тус зүйлд зааснаар, оюуны өмчийн эрхийг лиценз, франчайз, мерчандайзийн болон болон бусад гэрээ, хэлцлээр бусдад бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болох бөгөөд холбогдох гэрээг Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлнэ. Талууд оюуны өмчийн үнэлгээг өөрсдөө харилцан тохиролцож тогтоох, эсхүл хөрөнгийн үнэлгээчнээр тогтоолгож болно. Хөрөнгийн үнэлгээчин нь Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшдэг байхаас гадна оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай байна.

Монгол Улсын Оюуны Өмчийн тухай Хуулийг дараах линкээс үзнэ үү→

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.    

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: