07.04.2022

Хууль зүйн мэдээ: Хувийн мэдээлэл хамгаалах тухай шинэ хууль

Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинээр баталсан бөгөөд уг хууль 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. 1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль нь хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувийн мэдээллийг өөрөө нууц гэж тодорхойлох зэрэг маш ерөнхий зохицуулалттай байсан бол шинэ хууль нь хүний хувийн мэдээллийг хамгаалах илүү нарийвчилсан зохицуулалтыг агуулж байгаагаараа онцлог юм.

Бид энэхүү хууль зүйн мэдээгээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд орсон шинэлэг зохицуулалтыг тоймлон хүргэж байна.

Хуульд шинээр орж ирж буй зохицуулалтууд

Тодорхойлолт:

-      “биометрик мэдээлэл” гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдөл;

-      “генетик мэдээлэл” гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээлэл;

-      “захидал харилцааны мэдээлэл” гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээлэл;

-      “хөрөнгийн мэдээлэл” гэж мэдээллийн эзний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээлэл;

-      “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл;

-      “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл;

-      “эрүүл мэндийн мэдээлэл” гэж хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээлэл;

-      “мэдээллийн эзэн” гэж дээр дурдагдсан мэдээллийн эзэн;

-      “мэдээлэл хариуцагч” гэж хуульд заасны дагуу, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага.

-      “цахим тодорхойлогч” гэж хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээлэл.

Татаж аваж→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал GRATA International хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм GRATA International Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Эх сурвалж:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390288615991 - “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”

https://legalinfo.mn/mn/detail/12695 - “Зөрчлийн тухай хууль” /2017/

https://legalinfo.mn/mn/detail/11634 - “Эрүүгийн хууль” /2015/

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: