16.04.2020

Хууль зүйн мэдээлэл: Монголын татварын багц хуулийн шинэчлэл

2018 онд Монголын Улсын Засгийн газар Татварын Ерөнхий хууль, Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын тухай хууль, Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хууль болон Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуулийн шинэчилсэн хувилбаруудыг Монгол улсын Их Хуралд (Парламентад) өргөн барьсан бөгөөд Парламент 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаараа 2020 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэчилсан татварын багц хуулиудыг баталсан.

Танилцуулсан татварын хуулиудад дараах үндсэн шинэчлэлийг хийсэн:

1. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шаардлагын дагуу Үнэ шилжилтийг зохицуулалтыг тодорхойлсон;

2. Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно;

3. Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил болсон;

4. Татварын хяналт, шалгалт нь эрсдэлийн үнэлгээний шалгуурт суурилан хийгдэх бөгөөд эрсдэлгүй татвар төлөгчид шалгалт хийхгүй байж болно.

Татварын хуулийг шинэчлэх үндэслэл:

1. 2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжин төрөлжиж, даяарчлагдсан нарийн төвөгтэй, техник технологийн хурдацтай өөрчлөлтийн орчинд явагдаж байна.

2. Дэлхийн түвшний үндэстэн дамнасан корпорацууд манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр корпорацууд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байна.

3. Татварын эрх зүйн орчин ил тод биш, мэдээлэл харилцан солилцдоггүй, үнэ шилжилт хийх боломжтой, татвараас зайлсхийх “гүүр” улс болох эрсдэлтэй тул Монгол улс нь 2017 оны 12-р сард Европын холбооны Хар жагсаалтад орсон.

Татварын хуулиудын шинэчлэлийн хүрээнд дараах өөрчлөлтүүд батлагдсан:

1. Эдийн засаг болон бизнесийн орчинг дэмжих;

     1.1. Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжийг олгоно.

     1.2. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө.

     1.3.Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна.

     1.4. 25 хувийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон.

     1.5. Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.

2. Монголын татварын системийг хялбарчлах;

3. Татварын байгууллага болон улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх;

4. Татвар төлөхөөс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх болон татварын суурийг хамгаалах:

      4.1 Татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг ЭЗХАХБ-ын дүрэм журмуудыг хэрэгжүүлж татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулна.

     4.2 Олон улсын стандартад нийцсэн үнэ шилжилтийн эсрэг дүрэм журмуудыг нэвтрүүлэн татварын бааз суурийг хамгаална.

     4.3 Татварын зорилгоор дэлхийн 190 гаруй улстай мэдээлэл харилцан солилцоно.

5. Хууль ёсны өв залгамжлагчид татварын өрийг шилжүүлэх заалтад дараах нэмэлт өөрчлөлт оруулсан;

      5.1. 2008 оны Татварын Ерөнхий Хуулийн 12.2 дугаар заалтад “Нас барсан буюу нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ”.

      5.2. 2020 оны Татварын Ерөнхий Хуулийн 14.6 дугаар заалтад “Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөнд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй”.

6. Хилийн хоригтой холбоотой заалтад орсон нэмэлт өөрчлөлт 2008 оны Татварын Ерөнхий Хуулийн 73.2 дугаар заалтад Доор дурдсан нөхцөлүүд нэгэн зэрэг бий болсон тохиолдолд татварын алба татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал хилээр үл нэвтрүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах эрхтэй:

- Татварын өртэй этгээдэд татварын өр барагдуулах хөрөнгө, авлагагүй;

- Татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол.

Бид энэхүү мэдээллийг одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэгдэн батлагдсан хуулиудтай харьцуулсан бөгөөд  Татварын Ерөнхий хууль, Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хууль, Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуульд орсон гол өөрчлөлтийг дүгнэн бэлтгэсэн. Харин Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан татвар дээрх хууль зүйн мэдээлэл нь тусдаа бэлтгэгдэнэ.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнлхуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: