22.02.2021

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 28 –ны өдрийн ээлжит хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Тус хуулийн дагуу Монгол улсын Банкны тухай хуульд дараах гол өөрчлөлтүүд орсон байна.

БАНКНЫ ХЭЛБЭР

Судалгаагаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын хувьцаа эзэмшил нь 1-3 тооны хувьцаа эзэмшигчдэд хэт төвлөрч, өмчлөл-хяналтын харилцан тэнцвэр алдагдаж, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй банкны хүлээж болох эрсдлийн түвшин нэмэгдсэн, энэ нь зарим тохиолдолд банкийг төлбөрийн чадваргүй болгон төр, нийт хохирох байдал гарч байгаа тул банкны хэлбэрийг “НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ” байхаар тогтоожээ.

 БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

  Банкны үйл ажиллагааг хувьцаат компанийн хэлбэрээр явуулах шаардлагатай холбогдуулан хувьцаа эзэмшилд тавигдах тоо хэмжээний хязгаарлалтыг дараах байдлаар тогтоосон байна:

  • Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны хорин хувиас/20%/ хэтрэхгүй байна.
  • Дээрх хязгаарлалт нь дараах тохиолдолд хамаарахгүй:

- Засгийн газраас үүсгэн байгуулсан банк болон тусгай зориулалтын банк;

- Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьд.

Мөн хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаанд зарим нэг хязгаарлалт тогтоож, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуурыг тодорхойлжээ.Үүнд:

  • Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.
  • Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
  • Банкны үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.
  • Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараах шалгуурыг хангасан байна.

- Тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

- Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

- Санхүүгийн чадавхтай байх;

- Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;

- Тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг хангалттай нотолсон байх;

- Өөрөө, эсвэл нэгдмэл сонирхолтой этгээд, эцсийн өмчлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн Газрын гишүүн биш байх эсвэл төрийн өндөр албан тушаалд хамаарах улс төрийн албан тушаалтан биш байх.

БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 Банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ес ба түүнээс дээш гишүүнтэй байх бөгөөд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна. Энгийн хувьцаат компаниас ялгаатай нь банкны ТУЗ –ийн гишүүнийг сонгосон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр Монголбанкны зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно. Түүнчлэн банкны ТУЗ –ийн дарга болон гишүүнд дан ганц банкны төдийгүй банкны харилцагчийн эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих үүрэг хүлээлгэсэн.

Татаж авах→

Анхаар:

Энэхүү материалыг ГРАТА Интернэшнл Монголиа хуулийн фирм бэлтгэн хүргэж байна. Дээрх материал нь зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд энд тайлбарласан зүйл тус бүрт нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та ямар нэг арга хэмжээ авахын өмнө (эсвэл авахгүй байх тохиолдолд) өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Энэхүү мэдээлэлд үндэслэн хийсэн аливаа үйлдэл/эс үйлдэлд Грата Интернэшнл Монголиа аливаа хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Locations
үйлдвэрлэлийн
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: