Монгол Улс 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд орж, үүнээс 1 жилийн дараа 2020 оны аравдугаар сард тус жагсаалтаас амжилттай гарсан байдаг.
Энэхүү жагсаалтаас гарах явцад ФАТФ-ын зүгээс гаргасан техник, мэргэжлийн 40 зөвлөмжийн 15 дугаарт “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянаж зохицуулах, бүртгэлжүүлэх, энэ төрлийн харилцааг хууль эрх зүйн орчинтой болгох” асуудал хөндөгдсөн юм.[1] Энэ хүрээнд улс орнуудыг шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, тодруулбал виртуал хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрэх эрсдлийг үнэлж, хууль эрх зүйн орчин бий болгохыг үүрэг болгосон байдаг. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 сарын 17-ны өдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” –ийг баталж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хууль мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” эсвэл энд дурдсан байдлаар нэрлэх/ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Тодруулбал хэрэглэгч цахим хуудсаар дамжуулан зөвхөн өөрийн сонголтын хүрээнд биткойн болон бусад криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа нь арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж байгаа юм. Сүүлийн үед IEO, ICO хийх замаар дотоодын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх нь нэмэгдэж байна. Тухайлбал 2021 оны сүүлийн улиралд 4 байсан токены тоо 41 болтлоо өсөж(Lemon Press, 2021), зах зээл дээр томоохон эрсдэлийг бий болгож буй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.
Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.
[1] “The FATF Recommendations” 2022