25.11.2020

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: МОНГОЛ УЛС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИВ

Гамшгаас Хамгаалах тухай хуульд зааснаар Гамшгаас хамгаалах байдал нь дараах зэрэгтэй байна:

- Өдөр тутмын бэлэн байдал;

- Өндөржүүлсэн бэлэн байдал;

- Бүх нийтийн бэлэн байдал(бүрэн ба хэсэгчилсэн).

Монгол улс дотооддоо коронавирусын тохиолдол илэрснээр 2020 оны 11 сарын 11 –ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 11 сарын 12 –ны өдрөөс 2020 оны 11 сарын 17 –ны өдөр хүртэлх хугацаанд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн (178 –р тогтоол).

Улмаар Засгийн газрын 2020 оны 11 сарын 15 –ны өдрийн 181 дүгээр тогтоолын дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 сарын 1 –ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгасан.   

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлнэ:

  • Төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх;
  • Хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
  • Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;
  • Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;
  • Улсын онц, чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах;
  • Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах;
  • Нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх;
  • Стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих;
  • Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага, холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх;
  • Химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох гэх мэт.

КОВИД-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:

2020 оны 4 сарын 26 –ны өдрийн “Коронавируст халдвар /КОВИД-19/ -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 13 дугаар зүйлд зааснаар, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэгтэй байна: 

1. Эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

2. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;

3. Ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

4. Иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;

5. Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;

6. Хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт, зайнаас харьцах зэрэг арга хэмжээг зохицуулсан журмыг зөрчин олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;

7. Үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

8. Гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.    

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: