25.03.2021

Сэндбокс зохицуулалтын орчны журам

1. Ерөнхий ойлголт

Технологийн дэвшилд суурилсан санхүүгийн үйлчилгээг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг бүхэлд нь финтек гэнэ. Финтекийн тусламжтайгаар санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрснээр санхүүгийн байгууллагууд илүү бага зардлаар, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжтой юм.

Сэндбокс зохицуулалт нь зах зээлийн уг хурдтай өөрчлөлт, хөгжилд саад учруулалгүйгээр, финтек компаниудад нийцсэн, хэрэглэгчдийг хамгаалсан зохицуулалтын орчныг боловсруулахад чиглэдэг бөгөөд нөгөөтэйгүүр сэндбокс нь  рэгтекийн нэг хэлбэр юм. Рэгтек нь "зохицуулалт" болон "технологи" гэх нэр томьёоны нийлэмж бөгөөд санхүүгийн салбарын зохицуулалт, нийцлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн технологийн нэг хэлбэр юм. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дижиталчлагдахын хэрээр мэдээллийн нууцлал, кибер халдлага, мөнгө угаах болон бусад хууран мэхлэх үйл ажиллагаа ихэсдэг. Энэ цаг үед рэгтек компаниуд нь үүлэн систем /cloud system/, их өгөгдөл / big data/-ийн сан зэрэг технологийг ашиглан санхүүгийн байгууллагуудыг эрсдэлээс хамгаалах, тэдгээрийн эрсдэлийг удирдах үйл явцыг хялбаршуулахад дэмжлэг үзүүлдэг.

Сэндбокс / Sandbox/-ын орчин нь харьцангуй шинэ зохицуулалтын механизм юм. Сэндбоксыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд зах зээлд гарч буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг эхнээс нь таньж мэдэн, түүнд тохирсон оновчтой зохицуулалтыг тодорхойлох, шинэ төрлийн зах зээлийг ойлгох чадвартай болдог.

2. Сэндбокс зохицуулалтын орчны журам

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А-63/64/32/А/27 тушаалаар Сэндбокс зохицуулалтын орчны журмыг баталсан. Энэхүү журмын зорилго нь санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг  Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны хяналт зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд, тодорхой цаг хугацаанд турших боломжийг олгох сэндбокс зохицуулалтын орчинг бий болгох, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулдаг.  Сэндбоксод оролцох этгээд (цаашид “Оролцогч” гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтрүүлсэн өр төлбөргүй;
  • Хувьцаа эзэмшигч, удирдах түвшиний албан тушаалтан нь өмнө нь мөнгө угаах, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгэлгүй;
  • Хувьцаа эзэмшигчийн оруулж буй хувь хөрөнгө нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна.

Татаж авах→

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
үйлдвэрлэлийн
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: